Зөвлөгөө

Хүүхдийн зан аашийг өөрчилж болох уу

Эцэг эх бүр л хүүхдээ баяр баясгалантай, идэвхтэй, хөдөлгөөнтэй, сайхан сэтгэлтэй, хүрээлэн байгаа орчноо сонирхдог, бусад хүүхдүүдтэй амархан найзалж нөхөрлөдөг байгаасай гэж хүсдэг. Гэвч тэр бүр таны хүссэнээр болдоггүй шүү дээ. Хүүхэд тань бүрэг ноомой эсвэл түрэмгий авиртай, өөртөө итгэлгүй байвал яах вэ? Тэдэнд зан аашаа засахад нь туслаж болох уу? Эсвэл байгалиасаа ийм юм болов уу?
Ер нь хүүхдийн зан араншин удамшдаг уу эсвэл хүмүүжлээс шалтгаалдаг уу гэдэг дээр эрдэмтэд үргэлж санал зөрөлдсөөр ирсэн. Хүний удамшлын талаарх шинжлэх ухаан хөгжихийн хэрээр дан ганц удамшлаар ааш занг тодорхойлох боломжгүй гэдэг нь тодорхой болсон билээ. Хүүхдийн зан араншингийн зөвхөн 50 орчим хувь нь удамшлаас шалтгаалдаг. Энэ нь төрсний дараах 3-4 сартайд хэдийн илэрхий болсон байдаг гэнэ. Хүүхдийн хэл яриа, харилцааны дадал чадвар хөгжиж эхлэх 1,5-2 насанд эдгээр шинжүүд улам тод илэрдэг аж.

Америкийн сэтгэл судлаачид хүүхдийн зан араншинг 1. Хөнгөн, 2. Дунд, 3. Хүнд гэсэн гурван төрөлд хуваан үзсэн байна. Жишээ нь: хөнгөн ангилалд багтсан хүүхэд танихгүй хүнд амархан дасч, найз нөхөд шиг харьцаж, идэвхтэй харилцаж эхэлдэг. Харин дунд төрөлд багтагсад тухайн хүнийг эхлээд сайн ажиглаж, яаж харьцах эсэхээ шийдвэрлэдэг бол үлдсэн нь танихгүй хүнд дасч харьцаж эхлэхэд өөрийнх нь сайн итгэдэг хүмүүс эсвэл найзуудынх нь туслалцаа дэмжлэг хэрэг болдог байна.

“Хөнгөн” хүүхдүүд Ийм төрлийн хүүхдүүд нь нэг нөхцөл байдлаас нөгөөд шилжихдээ амархан. Амьдралынхаа эхний сараас л тэд баяр хөөртэй, тогтмол цагт хооллож, хэвшсэн цагтаа унтаж, шинэ зүйлийг тайван хүлээж авдаг. Тэд их яриасаг, эрт хэлд ордог, танихгүй хүмүүстэй амархан хэл амаа ололцдог, олон найз нөхөдтэй, бусдад нээлттэй байж чаддаг.

“Дунд” хүүхдүүд Энэ төрлийн хүүхдүүд ямар ч шалтгаангүйгээр маш хурдан уурлаж, бухимддаг. Бага балчиртаа тэд байнга л уйлж, тайвширч өгөхгүй зовоож, шинэ орчинд дасахдаа удаан, эцэг эхээсээ өөр хүн харахаараа тайван бус болдог, тогтмол бус цагт хооллож, унтдаг. Түүнчлэн живх нь нойтон болох, нүүрийг нь угаах, танихгүй хүн гэрт нь ирэхэд таагүй ханддаг. Ийм хүүхдүүд том болоод зөрүүд, тогтворгүй, уян хатан бус, урьдчилан тааварлахын аргагүй ааш араншинтай болох нь бий.

“Хүнд” хүүхдүүдТэд их бүрэг ноомой. Ийм хүүхдүүд шинэ нөхцөл байдалд дасна гэхээсээ түүнийг хүлээж авах гэж их удна. Өөрөөр хэлбэл их ичимхий. Тэд танихгүй хүн гэрт нь ирэхэд эхийнхээ араар нуугдаж, шинэ тоглоом өгөхөд яаж тоглохоо ч мэддэггүй. Тиймээс таны хүүхэд ямар ч зан ааштай байсан түүнийг ойлгож, байгаа чигээр нь хүлээн авах нь хүүхдэд туслах хамгийн том алхам юм. Юун түрүүнд ажиглах хэрэгтэй. Хүүхдийг энэ хорвоод ирсэн цагаас нь эхлэн ийм тийм ааш зантай хүүхэд байж магадгүй хэмээн тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл мэндэлсэн цагаасаа эхлэн орчин тойронтойгоо хэр дасан зохицож байна, амархан унтаж байна уу, уйлсны дараа амархан тайвширч байна уу гэдгийг нь ажиглаж, хүүхэдтэйгээ хэрхэн харьцах арга барилаа боловсруулах нь чухал байдаг байна.

Сэтгэл хөдлөл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button